top of page

МОНГОЛ ОРНЫ ЗАГАСЧЛАЛ

Загасчлал: Монгол оронд 3800 орчим гол, мөрөн бий. Эдгээрийг үндсэн 3 ай савд хамааруулдаг. 1. Хойд мөсөн далайн - Эг, Сэлэнгэ, Орхон гэх мэт 2. Номхон далай - Онон,Балж, Хэрлэн гэх мэт 3. Төв азийн гадагш урсгалгүй ай сав - Завхан, Онги, Байдраг гэх мэт Энэхүү 3 ай савын огтлол цэг дээр Цогтчандмань уул оршдог бөгөөд 3 ай савын хагалбар болдог байна. Хамгийн их устай гол - Сэлэнгэ мөрөн (Байгаль нуурын хамгийн том цутгал бөгөөд, усны нөөцийнх нь 50%-ийг хангадаг). Хамгийн урт гол - Орхон гол (1124км) Хамгийн богино нэртэй гол -Эг Гол мөрдийн нийт урсацын; 32% нь нууруудад цутгах ба газар доорх усны нөөцийг бүрдүүлнэ. 68% нь Байгаль нуур, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далайд, Амар мөрөн Далай нуураар дамжин Номхон далайд цутгана.

ӨГИЙ НУУР

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.

Ugii-nuur.jpg
ugii nuur
Image by Mark McGregor

ТЭРЭЛЖИЙН ГОЛ

Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хотоос зүүн хойш 70 км зайд оршдог. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.

terelj

ХЭРЛЭН ГОЛ

Хэрлэн гол нь Хэнтий нуруунаас эх авч Монгол орны зүүн бүс нутгийн дундуур Дорнод Монголын уудам их талын хойд хэсгээр 1382 км урсан БНХАУ-ын Хөлөн нуурт цутгадаг төдийгүй Амар мөрний нэг эх болж ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжин Агнуурын тэнгисээр Японы арлуудын хойд хэсэгт Номхон далайд цутгадаг. Их Хэнтий нурууны салбар Хэнтэй Хан уулын өврийн Хэрэй толгой, Будан цагаанаас эх авсан Богдын гол, Цагаан голын бэлчирээс "Хэрлэн гол" хэмээн нэрлэгдэнэ. Хэрлэн голын үндсэн тэжээгдэл нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумдын нутагт урсах Богдын гол, Хориуд, Илүүр, Хонгон, Тэрэлж, Тэнүүн, Гурван сайхан, Зоргол, баруун, зүүн Бүрх, Баянгол, Гутай, Баруун, зүүн, дунд Байдлаг гэх мэт том жижиг 37 гол горхи байх ба Багануураас доош Галуутын гол, Цэнхэрийн гол, Аваргын гол, Мөрөнгийн гол гэсэн 4 гол цутгадаг. Хэнтий нурууны ойт хээрийн бүсээс хуурай хээрийн бүсэд шилжин урсдаг, голын эх орчимд далайн түвшнээс дээш 2020 метр, адагтаа 625 метр өргөгдсөн. Хэрлэн гол дагуу ус, цаг уурын харуулууд байрлаж ажиглалт, хэмжилтийг тогтмол хийж ирсэн. Харуулуудын мэдээлэлд тулгуурлан олон жилийн дундаж урсацыг тодорхойлоход Багануур дүүрэг орчимд хамгийн их буюу 23.5 м3/секунд, Чингис хот орчимд 21.4 м3/секунд, Чойбалсан хот орчимд 19.4 м3/секунд, БНХАУ-ын Алтан Эмээл хот орчимд 14.2 м3/секунд гэсэн тооцоо гаргасан байдаг. Голын дулааны улирлын усны түвшин голын эхэн хэсгээр буюу Багануур дүүрэг орчимд дунджаар 200-220 см, дунд хэсгээр 150-170, адаг хэсгээр буюу Чойбалсан хот орчмоор 130-160 см болж багасдаг.

Image by Sergei Wing
HERLEN

ОНОН ГОЛ

Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний эхний нэгэн гол цутгал юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км². Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалын хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ. Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учраас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ. Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2874км) дэлхийд эхний 10-т ордог. Онон гол нь уулын гол тул уналт ихтэй, урсгал хурдтай байдаг. Зарим газраа урсгалын хурд 1.5-2.0 м/с хүрэх боловч Балжийн бэлчирээс доош 1.0 м/с орчим болж буурна. Онон голын томоохон цутгал Агац, Балж, Эг, Барх, Жаргалант голууд нь эгц налуу хажуу бүхий уулархаг газраар урсдаг.

onon

БАЛЖ ГОЛ

Балж гол нь Онон мөрний хамгийн том цутгал бөгөөд ОХУ-ын нутагт Хэнтийн нурууны үргэлжлэл Бурхан Халдун, Сохонд хоёрын дунд орших Хөмөлийн сарьдаг уулаас эх аван ОХУ-д 40 гаруй км, Монголын нутагт 180 орчим км урсаад Дадал сумын нутаг Ишин уул, Хадын өвөрт Онон голд нийлнэ. Голын хөндий адаг руугаа тэлэгдэж урсгал нь хэд хэд салаалж єтгєн шугуйтай арлууд үүсгэнэ. Балж голд Хёрхон, Хөмөл, Амгалант, Галттай, Тэнгэлэг зэрэг томоохон голууд цутгана.

viber_image_2025-02-11_10-08-13-324.jpg
BALJ

ЗУРГИЙН ЦОМОГ

bottom of page